Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК Сингапур улс руу тогтмол нислэг хийж эхэллээ
2014-09-24

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн чиглэлийн нислэгийн тоо, давтамжаа нэмэгдүүлэн Зүүн өмнөд Азийн бизнес худалдааны гол төв Сингапур улс  руу үйлдэх  нислэгийнхээ анхны замыг өнөөдөр  нээлээ.

МИАТ ХК-ийн Сингапур чиглэлийн нислэгийн нээлтийн ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, МИАТ ТӨХК-ийн захирал гавъяат нисгэгч Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн, ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Туяа болон МИАТ ТӨХК-ийн бусад удирдлагууд оролцлоо.

            Шинэчлэлийн Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Иймээс “МИАТ” ТӨХК  Ази, Европийн чиглэлийн нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 6 дугаар сарын 19-нд Герман улсын метрополис хот Франкфуртруу шууд нислэгийн шинэ чиглэлээ нээж байсан бол энэ өдөр Азийн бар Сингапур улс руу тогтмол нислэгийн анхны шангаа ийнхүү татлаа.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан:

Сингапур улс нь зүүн өмнөд Азийн гол зангилаа. Иймээс МИАТ компани Сингапур ниссэнээр аялал жуулчлал, бизнес худалдаа хөгжүүлэх гээд улс орны эдийн засагт эерэг хандлага авчирна. Нөгөө талаар МИАТ компанийн маань үйл ажиллагаа өргөжиж орлого нэмэгдэнэ гээд олон талын ач холбогдолтой. МИАТ компани өнөөдрийн байдлаар 9 чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн 6 дугаар сард бид Германы Франкфурт хот руу нисэж байсан бол одоо бид Сингапур улс руу анхны нислэгээ хийх гэж байна. Манай компани энэ жил 400,000 зорчигч тээвэрлэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Одоогоор  бид 395,000 зорчигчид үйлчлээд байна.   Эндээс харахад оны эцэс гэхэд бид зорилгоо давуулан биелүүлэх төлөвтэй байна.

 

МИАТ ТӨХК-ийн Дэд захирал Н.Ганболд:

МИАТ компани өнгөрсөн онд хамгийн сүүлийн үеийн тоноглол бүхий цоо шинэ Б 767-300ER агаарын хөлөг худалдаж авч байсан бол энэ оны 5 дугаар сард мөн шинэ Б 737-800 агаарын хөлөг түрээслэн авсан. Энэ удаа бидний нээж байгаа Сингапурын чиглэлийн анхны нислэгээ Б 767-300ER агаарын хөлгөөрөө хийх гэж байна. Цаашдаа зах зээлээ бүрдүүлэх, бойжуулах үүднээс Б 737 маягийн агаарын хөлгөөрөө нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Ер нь МИАТ компани техникийн боломжийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн парк хангалттай боломжтой байгаа.

 

МИАТ ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Алтанцом:

Өнөөдөр МИАТ компанийн хувьд их баяртай сайхан өдөр болж байна. Бид энэ өдөрт жил гаруйн хугацаанд бэлдсэн, маш удаан хүлээсэн. МИАТ компанийн хувьд шинэ нислэг, шинэ зах зээл нээнэ гэдэг бол зорчигчиддоо шинэ бүтээгдэхүүн, сонголтыг бэлэг болгож өгч байгаа хэрэг юм. Сингапур ниснэ гэдэг бол Зүүн өмнөд Ази цаашлаад Австралийн зах зээлд гарах шинэ үүд хаалга боломж нээгдэж байна гэсэн үг. Сингапур бол Зүүн өмнөд Азийн хамгийн том зангилаа хот. Зөвхөн Сингапурын олон улсын нисэх буудал жилдээ 60 сая хүнд үйлчилдэг. Бид Сингапур луу нисэж эхэлснээр энэ их урсгалд нэгдэж байгаа юм. Энэ үүднээс нь авч үзвэл манай компанийн нээж байгаа энэ нислэг хоёр улсын хамтын ажиллагаа, бизнес харилцааг нэлээд өргөжүүлэх олон талын ач холбогдолтой.

 

МИАТ ХК-ийн Ж.Доржнамжил капитантай Б767-300 ER агаарын хөлөг өглөөний мандах нартай зэрэгцэн цагаан зам татуулан Азийн бар Сингапур улсыг зорин хөөрлөө. 

 

 

Онцгойлон: