Мэдээ мэдээлэл
Буцах
Сингапурын танилцуулга семинар уулзалт боллоо
2014-11-18

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн чиглэлийн нислэгийн тоо, давтамжаа нэмэгдүүлэх бодлогын хүрээнд олон улсын нислэгийн тавдугаар эрхийг авч, Сингапур улс руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан “МИАТ” ТӨХК зүүн өмнөд Азийн зах зээлээ өргөжүүлэх зорилгоор Сингапур улсын “Чанги Эйрпорт” групп болон тус улсын Аялал жуулчлалын холбоотой хамтран Сингапурын танилцуулга семинар уулзалтыг Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “МИАТ” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Алтанцом, “Чанги Эйрпорт” группын ахлах зөвлөх Ванг Вүнг Лион болон Сингапурын Аялал жуулчлалын холбооны бүсийн захирал Кван Сү Мин тэргүүтэй зочид төлөөлөгчдөөс гадна хоёр улсын аялал жуулчлалын 100 гаруй компанийн төлөөллүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Тус семинарыг нээж  ”МИАТ” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Алтанцом үг хэлэхдээ “Сингапур руу ниснэ гэдэг  манай улсын хувьд зүүн өмнөд Ази цаашлаад Австралийн зах зээлд гарах шинэ үүд хаалга, боломжийг нээж байна гэсэн үг. Сингапур бол зүүн өмнөд Азийн хамгийн том зангилаа хот. Сингапурын олон улсын нисэх буудал жилдээ 60 гаруй сая хүнд үйлчилдэг. Манай компани Сингапур руу нисч эхэлснээр энэ их урсгалд нэвтэрч байгаа юм. Түүнчлэн энэ нислэг хоёр улсын хамтын ажиллагаа, бизнес харилцааг өргөжүүлж, худалдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр манай улсын эдийн засагт эерэг хандлага авчирна. Нөгөө талаар МИАТ компанийн үйл ажиллагаа өргөжиж, орлого нэмэгдэнэ гээд олон талын ач холбогдолтой“ хэмээн онцлон дурдсан. Мөн “Чанги Эйрпорт” группийн ахлах зөвлөх Ванг Вүнг Лион “энэ оны эхний 9 сарын байдлаар Монголоос Сингапур руу 5500 гаруй хүн зорчсон байна гээд Сингапур улсыг дэлхийн түвшинд эрүүл мэндийн томоохон төвд тооцдог. Иймээс эрүүл мэндийн чанартай үзлэг , шинжилгээ хийлгэх хүсэлтэй Монголчуудын зорих газрын нэг юм.” хэмээн ярив.

Сингапурын танилцуулга семинар уулзалт нь хоёр улсын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд харилцан холбоо тогтоох, санал солилцох зэрэг хамтын ажиллагааны хувьд ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид үнэлж байлаа.  

 

 

Онцгойлон: