Мэдээ мэдээлэл
Буцах
Эбола вирустэй холбоотой cэрэмжлүүлэг
2014-10-21

ДЭМБ-аас улс орнуудад халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Мөн ЭМЯ-наас Эбола вирустэй холбоотой дараах  сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Үүнд:

·         Эбола вируст халдварт бүртгэгдсэн Баруун Африкийн улс орнууд, АНУ, Испанид зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх

·         Эбола вируст халдвараар өвчилсөн  хүнээс ялгарч буй биеийн бүхий шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх

·         Гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурлах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ –ийн 100 тоот утсанд яаралтай хандах

·         Тантай ойр дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн байвал ХӨСҮТ –ийн 100 тоот утсанд яаралтай хандаж мэдээлэх

·         Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах

·         Эбола вируст халдварын талаарх сургалтанд хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны  www.moh.mn, ДЭМБ-ын www.who.int  болон  www.icao.int , www.nccd.gov.mn  цахим хуудаснаас авч байх

·         Иргэн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж 4033 нь нас бараад байна. 

Бүгд Найрамдах Конго Улсад Баруун Африкийн Эбола вируст халдварын дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарч, 71 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь нас баржээ.

Халдварт өртөгсдийн 416 буюу 4,9% нь эрүүл мэндийн ажилтнууд байгаа бөгөөд 233 нь нас барсан байна. Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай гэж үздэг. Энэ удаагийн дэгдэлтийн хувьд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт өвчлөгчдийн 48% нь нас баржээ.

Уг өвчнөөр өвчлөөд эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 49 хоног хадгалагддаг гэж үзэж байсан бол одоо 70 хүртэлх хоногоорхадгалагдаж, халдварлуулах боломжтойг тогтоогоод байна.

Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. Энэ удаагийн дэгдэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд ихэнх тохиолдолд 8-10 хоногийн дотор шинж тэмдэг илэрч байна.

 

 Бусад нэмэлт мэдээлэл

 

Халдварт өвчтэй хүний биеийн шингэн болон цус, нус, хөлс, нулимс, бөөлжис, өтгөн, шингэн, үрийн шингэн зэргээс гадна эдгээрээр бохирлогдсон гадаргуу, эд юмс дээр хадгалагдан дам хэлбэрээр дамжиж болно. 

Гэвч ийнхүү эд юмсаар дамжих эрсдэл харьцангуй бага бөгөөд ариун цэврийг сахиж, ариутгалын бодисоор халдваргүйжүүлснээр энэ эрсдлийг бууруулах боломжтой.

Өнөөгийн байдлаар энэ өвчнийг үүсгэгч вирус өөрийн шинж төрх, халдварлах замаа өөрчилсөн ямар нэг хувиралд орсныг нотлох баримт хараахан байхгүй байна.

ДЭМБ-аас уг вирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн гэр бүлийн гишүүд, өвчтөнтэй ойрын хавьталд орсон бусад хүмүүс болон энэ өвчнөөр өвчлөөд нас барсан хүний оршуулгын ёслолд оролцож, бие махбодид хүрэлцсэн хүмүүс болон өвчлөгсдөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнууд энэхүү халдварт өртөх эрсдэлтэй гэдгийг мэдэгдээд байна.

Манай  улс хэр зэрэг бэлтгэлтэй байгаа талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн хэлтсийн дэд захирал Г.Сүрэнхандтай ярилцлагыг хүргүүлж байна.

Эбола вирус нэлээд хурдацтай тархаж байна. Энэ вирусээс манай улс хэрхэн сэргийлж байна вэ?

·         Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр эбола вирусээр өвчилсөн 8105 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 4000 гаруй хүн нас барсан. Нигерт эбола вирусийн тархалтыг намжаасан. Эрсдэлтэй байгаа орнуудад ажиллаж буй хүмүүс уг халдварыг зөөвөрлөх тохиолдол ихэсч байна.

·         Тухайлбал, АНУ, Испанид вирусын халдвартай хүн илэрлээ. Өвчтэй хүнд үйлчилж байсан эмнэлгийн ажилтан хүртэл халдвар авсан. Тиймээс Монгол улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байна.

·         Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндиин яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлж байна.

 Манайд эбола вирусийг оношилж, илрүүлэх багаж, хэрэгсэл бий юу. Тухайн

вирус илэрсэн тохиолдолд эмнэлгийн ажилчид өмсөх зориулалтын хувцас байна уу?

·         Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад эбола вирусээс хамгаалах хэрэгсэл өөр байна. Манайд тахлын голомтод орохдоо өмсдөг хувцас, хамгаалах хэрэгсэл байдаг. Гэхдээ энэ нь эбола вирусийн зориулалтынх биш.

·         Материалын хувьд өөр. Тухайн вирусийн онцлог нь халдвартай хүнээс ялгарч буй бүх л шингэнээр дамждаг. Тиймээс хамгийн гол нь шингэн зүйл нэвтэрдэггүй хувцас байх ёстой.

·         Тиймээс манайх хамгаалах хэрэгсэл, гар ариутгах бодис, эмнэлгийн бохир хог хаягдал хийх хайрцаг сав болон оношлуур зэрэг найм, өсөн төрлийн хэрэгсэл захиалсан. Энэ чиглэлээр удирдамж боловсруулаад ЭМЯ-нд хүргүүлээд байна. Сайд баталсан тохиолдолд бүх орон нутагт хүргүүлнэ. Үүний дагуу нөөцөө бэлтгэж, бэлэн байдлаа хангах юм.

Тэгвэл бэлтгэлээ хараахан хангаж амжаагүй юм байна. Хэрэв эбола вирусийг илрүүлэх оношлуур ирсэн тохиолдолд хаана суурилуулах вэ?

·         Эбола вирус өмнө нь байгаагүй шинэ учир бэлтгэлээ сайн хангах ёстой. Оношлуур ирсэн тохиолдолд аюулгүй байдлын II зэрэглэлийн лабораторид суурилуулж, ажиллах ёстой.

·         Гэтэл энэ лаборатори хүн эмнэлгийн салбарт байдаггүй. Тиймээс бид мал эмнэлгийн төв лабораторитай гэрээ байгуулах саналыг Засгийн газарт тавьсан. Өөрөөр хэлбэл, тухайн вирусийн халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн лабораторид хийж, оношлох ажлыг энд хийнэ гэсэн үг.

Тухайн вирусийн нууц үеийн хугацааг 2-21 хоног гэсэн. Энэ хугацаанд шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хилээр нэвтрэх боломжтой юм шиг байна. Манай улс хил дээр ямар хяналт тавьж байна вэ?

·         Нууц үеийн хугацаанд халдвар дамждаггүй. Гэхдээ нууц үе харилцан адилгүй байна. Аль ч үед илэрч болно. Тиймээс энэ хугацаанд өөрийгөө халдвар авсныг мэдэлгүй хил дамжих тохиолдол байдаг. Хил дээр зөвхөн халуун үзээд оруулдаг. Хэрэв ямар нэгэн шалтгаангүй халуурч байвал оруулахыг хориглодог.

·         Гаднаас ирж буй хүний зорилго нь тодорхой, гэрээ хэлцэлтэй, хүлээж авах компанитай үед оруулдаг. Тодорхой бус хүнийг буцаах ёстой. Буцаасан тохиолдол ч бий. Үүнээс гадна манай улсад ирсэн дөрвөн хүнийг 21 хоног хяналтад байлгасан. Дурдсан хугацаанд вирус илрээгүй.

Өвчлөл гарсан улсад монгол хүн байгаа болов уу?

·         Одоогоор монгол хүн байхгүй. Бид ГХЯ болон холбогдох байгууллагуудтай байнгын мэдээлэл солилцож байгаа.

 Бага насны хүүхэд эбола вирусийн халдвар авах магадлал бага гэдэг. Гэтэл Африкт вирус бага насны хүүхдэд халдварласан тохиолдол гарсан. Юунаас дамжиж хүүхэд халдвар авч байна вэ?

·         Уг нь бага насны хүүхэд энэ вирусээр өвдөх магадлал бага. Яагаад бага насны хүүхэд өвдөж байна гэдгийг Африкт гарч буй өвчлөлөөс дүгнэсэн. Ингэхэд хөхний сүүгээр халдвар авч байгааг тогтоосон.

·         Бага насны хөхүүл хүүхэдтэй эх халдвар авбал хүүхдэд халдварлана. Эбола вирусийн халдвар нь цочмог явцтай халдварлалт, нас баралт өндөртэй, вирусээр үүсгэгддэг, шууд ба шууд бус замаар дамжин халдварладаг. Халдвар авсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг.

Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах ёстой вэ. Эмчилгээ хийх боломжтой юу?

·         Халуурах, хоолой торох, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах ёстой. Тэр үед эмч “Та гадны аль нэгэн улс оронд аялал жуулчлалаар явсан уу" гэдэг ганцхан асуултыг л асуух хэрэгтэй. Үүнийг Испани улсын эмч асуугаагүйгээс болж алдсан.

·         Тиймээс ямар нэгэн шинж тэмдэгтэй хүн ирж үзүүлэхэд дээрх асуултыг л асуух хэрэгтэй. Одоогоор тухайн вирусийг устгах вакцин, эмчилгээ байхгүй. Зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.

·         Өөрөөр хэлбэл, өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг эм өгөх, алдсан шингэнийг нөхөх, цус алдсан тохиолдолд тогтоох зэрэг эмчилгээ хийнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Хэчнээн сайн бэлтгэлтэй байна төдий чинээ өвчнийг хурдан хязгаарлаж чадна гэсэн үг.

Манай улсад эбола вирус орж ирсэн тохиолдолд яаж таних вэ. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

·         Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс ширээний уулзалт хийсэн.Үүнд нийт 18 улс орныг хоёр хувааж хамруулсан. Манай улсын эмч нар оролцсон.

·         Тухайн улс орон эбола вирусийн халдвартай хүн орж ирсэн тохиолдолд таньж, илрүүлж чадах уу, бэлэн байдал хэр зэрэг байгааг үл мэдэгдэх даалгавар өгч шалгадаг.

·         Энэ сард томуугийн зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр эбола вирусийг тусгайлан авч үзнэ. Үүнээс гадна сарын сүүлээр хийхээр бэлтгэж байна. Үүнд хамтарч ажилладаг бүх байгууллагыг оролцуулна.

Энэ вирусээр өвчлөхгүйн тулд иргэд хувийн зүгээс хэрхэн сэргийлэх вэ?

Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх. Хэрвээ зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, үхсэн оолон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлосон зүү тариурт хүрэхгүй байх хэрэгтэй.

Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт шууд хандах хэрэгтэй

Ебола вирус... үхлийн вирус гэж нэрлэгдэж байгаа энэхүү вирус нь Зүүн Африкаас үүсээд одоо бүх дэлхийгээр тархах аюул нүүрлээд байна. Уг Ебола вирусын талаар тодорхой мэдээлэлтэй байх нь өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд төхөм болох болов уу

Хэдэн жилийн өмнө Сарс (SARS)  вирусын  аюул бүрэн мартагдаагүй байхад ахин шинэ төрлийн вирус Африк тивийн зүүн хэсгээс гараад байгаа нь дэлхий дахиныг түгшээхгүй байхын аргагүй юм. Сарс вирус нь амьсгалын замаар халдварладаг бол Ебола вирус нь ам, хамрын хөндий чихэн доторх салст бүрхүүлийг дамжин халдварладаг байна.

Тиймээс Сарсыг бодвол халдвар авах магадлал харьцангуй бага боловч гараа ойр ойрхон угаах хэрэгтэйгээс гадна халдвартай хүний цус, хөлс, шүлс наалдсан эрхтэнд хүрэлцэх тохиолдолд халвар авах магадлал маш өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

Ебола вирус юунаас үүссэнийг одоогоор олж тогтоогоогүй байгаа боловч анх халдвар гарсан газрын оршин суугчид горилла, сарьсан багваахай зэрэг амьтдыг боловсруулаагүй байдлаар шууд хүнсэндээ хэрэглэж байгаагаас үүдэн дээрх амьтдаас хүнд халдварласан байж болзошгүй юм.

Вирус тээгч амьтны махыг бүрэн чанаж болгон хэрэглэвэл вирус устах талтай боловч тэгээгүй тохиолдолд халдвар авах магадлалтай.

Ебола вирус нь хүний дархлалын системыг шууд гэмтээн биеийг дархлаагүй болгон улмаар үхэлд хүргэдэг байна.

 Халдвар авсан үед халуурах, хоолны дуршилгүй болох, булчин шөрмөс татаж өвдөх, хоолой өвдөх зэрэг ханиад хүрсэн үеийнхтэй төстэй шинж тэмдгүүд илэрнэ. Мөн гэдэс өвдөх чацага алдах ч тохиолдол байгаа гэнэ.

Ебола вирусыг устгах чадвартай эм болон урьдчлан сэргийлэх вакцин одоогоор байхгүй байгаа боловч халдварын эхэн шатанд эмнэлэгт хандвал халууны эм, витаминаар дамжуулан халдварыг газар авахуулахгүйгээр эмчлэн улмаар эдгээх боломжтой юм.

Онцгойлон: