Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК Бангкок хот руу шууд нисдэг боллоо
2017-11-05

Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын гол бүс  Тайландын Вант Улсын Бангкок хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа нээлээ. Бангкок чиглэлийн нислэгийн нээлтийн ёслолд Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболд болон Тайландын Вант Улсын өргөмжит консул Л.Лхагва нарын албаны хүмүүс оролцлоо. 

Ёслолын ажиллагааг нээж “МИАТ” ТӨХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболд үг хэлэхдээ “Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Тайландын Вант улсын Бангкок хот руу анхны хуваарьт тогтмол нислэгээ нээлээ. Шууд нислэгтэй болсноор аялал жуулчлалаас гадна эрүүл мэнд, худалдаа үйлдвэрлэл зэрэг олон салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд олон боломж нээгдэх давуу талтай. Агаарын тээвэр нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүрэг болдог. Ялангуяа эгч дүүсийн барилдлагатай манай хоёр хотын иргэд тухтай зорчих таатай нөхцөл бүрдэж байна. Цаашдаа найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбох зорилгоо улам төгөлдөржүүлэх болно” хэмээн дурдлаа.

Мөн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “Нислэгийн аливаа чиглэлд яамны зүгээс тасалбарын үнийг хямдруулахаар тодорхой бодлоготой ажиллаж байна. Агаарын харилцааны хэлбэрүүд энэ оны сүүлээр хэдэн цуврал байдлаар явагдана. Хэлэлцээр амжилттай явагдвал нислэгийн тийз одоо байгаа үнээсээ буух боломжтой” хэмээн хэллээ.

Харин ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом “Тайландын Вант улсын Бангкок хот руу хуваарьт нислэгтэй болсноор олон давуу тал, ач холбогдолтой болж байгаа юм. Тухайлбал, манай улсын иргэдийг цаашид Зүүн өмнөд Азийн чиглэлд нисэхэд чухал нөлөө үзүүлнэ. Өмнө нь энэ чиглэлд нисэхийн тулд өөр улсаар дамждаг байсан. Харин одоо шууд нисч эхэллээ. Энэ бол маш чухал алхам. Тайландын чиглэлийг нээхэд идэвх, зүтгэлтэй ажилласан МИАТ компанийн хамт олонд талархал ирэлхийлье” хэмээн ярилаа.  

МИАТ ТӨХК энэ онд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 6 дугаар сард БНСУ-ын 2 дахь том хот Бусаны чиглэлд шууд нислэгээ амжилттай эхлүүлж байсан бол өнөөдөр Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын гол бүс Бангкок хот руу хуваарьт тогтмол нислэгээ эхлүүлж байна. Бангкок чиглэлийн тус нислэг долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаригуудад 11-р сарын 04-нөөс 3-р сарын 21 хүртэл нисэхээр төлөвлөж байна. Бангкок нь дэлхийд хүн амын тоогоор 22-т ордог бөгөөд Тайландын Вант улсын хамгийн том хот юм. Манай улсаас тус хот руу зорихдоо Бээжин, Сөүл зэрэг хотоор дамжин очдог  байсан бол одоо таван цаг гаруй нисээд хүрдэг боллоо. Зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй найдвартай хүргэхээр Агаарын хөлгийн дарга Ч.Хуяг тэргүүтэй нисэх бүрэлдэхүүн анхны нислэгээ амжилттай үйлдлээ.   

 

Онцгойлон: