Мэдээ мэдээлэл
Буцах
А.Гансүх: Бид Хятад, Сингапурын зах зээл дээр ажиллах боломжтой боллоо
2014-10-06

Зам, тээврийн сайд А.Гансүхтэй агаарын тээврийн талаар ярилцлаа.

-Монгол Улс нислэгийн тавдугаар эрх авлаа. Үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Мэдээж үр дүнг маш сайнаар харж байгаа. Яагаад гэвэл Сингапурын чиглэлд нисэж байгаа зорчигчдод ямар ч виз хэрэггүй. Визгүй байна гэдэг бол билет худалдаж аваад л онгоцондоо суугаад л ниснэ. Мөн манай агаарын хөлөг Бээжингээр дамжин нисэж байгаа. Дэлхийн улс төрийн болон эдийн засгийн хоёр том төвийг холбосон энэ нислэг эдийн засгийн үр дүн өгөх ёстой. Энэ том зах зээл дээр өөрийгөө таниулах маркетингаа сайн хийх хэрэгтэй. Тэгж чадах юм бол боломж нөөц бололцоо өргөн байна. Тэр утгаараа энэ чиглэлийг МИАТ компанийн хамгийн ашигтай чиглэл байна гэдэгт итгэлтэй байна.

-Тавдугаар эрхийг авахын тулд нарийн тактик хэрэглэсэн гэсэн мэдээлэл гарч байгаа. Ер нь тавдугаар эрхийг олж авна гэдэг хүндрэлтэй байдаг. Яаж олж авав аа?

-Аливаа ажлыг шүүмжлэх их амархан байдаг. Улаанбаатар-Бээжин-Сингапурын чиглэлийн нислэгийг нээхийн тулд ямар их ажил хийснийг хэн ч мэдэхгүй. Бид энэ нислэгийг бүтэн жил хүлээлээ. Өнгөрсөн жилийн 9-р сард Бээжинд айлчилж байхдаа Хятадын Зам тээврийн сайд, Иргэний нисэхийн даргатай энэ асуудлыг яриад шийдвэр гаргаж байлаа. Үүнийг тавдугаар эрх гэж байгаа юм. Тавдугаар эрх бол тийм ч амархан олддог эрх биш. Өөрөөр хэлбэл манай агаарын хөлөг Бээжингээс зорчигч авна. Энэ нь Хятад, Сингапурын дотоодын зах зээл дээр ажиллах эрх авч байна гэсэн үг. Эдгээр улс өөрсдөө тэртээ тэргүй авиакомпанитай учир өөр хөндлөнгийн гуравдагч орны авиакомпанид үйлчлүүлэгчээ алдана гэдэг бол хүсмээр зүйл биш. Аль ч улсын иргэний нисэхийн газрынхан тавдугаар эрхийг авна гэдэг бол маш хэцүү, бэрхшээлтэй ажил болохыг мэднэ. Манай улс 1996 онд Москва-Берлин чиглэлийн тавдугаар эрхийг авсан. Түүнээс хойш хоёр дахь удаагаа авч байна. Сингапурын Тээврийн сайдтай уулзаж ярилцаж байхад гайхаж байсан. “Та нар яаж Бээжингээс тавдугаар эрхийг авч чадав. Бидэнд та нараас сурах зүйл их байна.” гэж хэлсэн. Энэ нь яаж авсанг илтгэж байгаа байх.

-Манай улсын онгоц Сингапурын чиглэлд нисчихлээ. Цаашид өөр аль аль улс руу нислэг хийхээр төлөвлөж байна.

-2012 оны байдлаар Монгол Улс 8 чиглэл рүү нисдэг байсан бол сүүлийн 2 жилийн байдлаар Франкфурт, Парис, Сингапур, Банкгог, Шанхай, Манжуур, Хайлаар, Эрээн гэсэн шинээр 8 чиглэл нээсэн. Өөрөөр хэлбэл бид 2 жилийн дотор нэг дахин нэмсэн гэсэн үг. Цаашдаа мэдээж нэмнэ. Судалгаа тооцоо хийж байгаа. Манай улс өөрийн гэсэн агаарын хөлөгтэй боллоо. Энэ Б767-300 агаарын хөлөг хамгийн сүүлийн үеийн загвар. Шинэ нисэх  буудал 2016 оны 12-р сард ашиглалтанд орно. Тэгээд 2017 оноос Канад руу шууд нислэгтэй болно гэх мэтчилэн маш тодорхой төлөвлөгөөнүүд байна. Үүний бэлтгэл ажил болгож МИАТ компанийг өргөжүүлж, хөгжүүлж байна. Шинэ Боинг авлаа. Дахин  хоёрыг авах төлөвлөгөө байна. Санхүүгийн эх үүсвэртэй холбоотой шийдэх асуудал мэдээж байлгүй яахав. МИАТ компани албан ёсоор үндэсний агаарын тээвэрлэгч болж Засгийн газраас тогтоол гарч баталгаажуулсан. Энэ мэтчилэн шууд болон шууд бусаар хөрөнгө оруулалтыг хийж байна. Үүний үр дүнд агаарын тээвэр хөгжих ёстой. Тийм суурь тавигдсан гэж үзэж байна.  

-Үнэ ханшийн талаар хэлж өгөөч. Өрсөлдөх чадварын нэг зүйл бол үнэ ханш шүү дээ. Хятадын агаарын тээврийн компани арай хямд гэж хүмүүс ярих юм. Тэгэхээр үнэ ханш дээр хөрвах асуудал байгаа юу. Бусад агаарын тээврийн компаниудтай хэрхэн өрсөлдөх гэж байна вэ?

-Өрсөлдөөн бол зөвхөн үнээс шалтгаалахгүй. Өнөөдөр үнэ ханш Монголчуудын хувьд маш тохиромжтой байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл Сингапур руу нисэхийн тулд Бээжин эсвэл Сөүлд буугаад авиакомпаниа сольдог байсан. Ингэсэн тохиолдолд билетийн үнэ өөрчлөгддөг байсан. Өөрөөр хэлбэл үнэтэй болдог гэсэн үг. Харин одоо бол өөрийн орны авиакомпаниар үйлчлүүлж, нэг л агаарын хөлгөөр явах учраас үнэ өөрчлөгдөж хувирахгүй. Ер нь билетийн үнийг тааламжтай тогтоох боломж бий. Харин бид үйлчилгээгээрээ, аюулгүй байдлаараа Азидаа эхний тавд ордог. Үүнийгээ ойлгуулах хэрэгтэй. Энэ мэтчилэн олон үйлчилгээ шалгуурыг хангаж байж гадны зорчигчдыг татна.

-МИАТ компани маркетинг дээрээ алдагдалтай ажилладаг гэж шүүмжлүүлдэг. Сингапурын чиглэлийн нислэг ашигтай байж чадах уу? Бээжин дээр л маркетингаа зөв хийх ёстой гэсэн яриа гарч байна.

-Агаарын тээврийн салбарын бизнес нэлээн онцлогтой. Ашигтай байх, ашиггүй байна гэдэг нь харьцангуй асуудал. Тухайлбал Токиогийн чиглэлд 10 гаруй жил нисэж байж одоо ашигтай гарч байна. Тиймээс тэр чиглэлээ таниулах ёстой. Мөн зорчигчийн урсгал нэмэгдэх ёстой. Сингапурын чиглэлийг ашигтай гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай зорчигчдын гол урсгал бол Бээжин байдаг. Бээжин, Сингапур улс хоёулаа визгүй. Хоёулаа дэлхийн эдийн засгийн том төвүүд. Маш их зорчигчтой байдаг гэсэн үг. Тиймээс энэ хоёр улсыг холбоод, дээр нь Улаанбаатартай холбож байна. Тэгэхээр ашиггүй байх ямар ч нөхцөл байхгүй. Гэхдээ мэдээж маркетингаа сайн хийх хэрэгтэй. Гэхдээ Сингапурын чиглэлд нисэж байгаа хоёр дахь удаагийн нислэгээр 207 хүнтэй Улаанбаатараас гараад 137 хүн нь Сингапурт буужээ. Буцаад Сингапураас 142 хүн нислээ. 20 хүн нь Бээжинд буусан. Бээжингээс суудлаа нөхөөд ороод ирнэ.

-Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани олон улсын зорчигчдод үйлчилж эхэллээ. Тиймээс боловсон хүчний ур чадвар, мэргэжил арга зүйг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ тал дээр маш их анхаарч байгаа. Ялангуяа Сингапурын нислэгийн өмнө МИАТ компани дээр тусгай сургалтуудыг хийсэн. Гадаад харилцааны яамтай хамтарч ажилласан. Сингапурын хууль тогтоомжуудыг судалсан гэх мэт олон чиглэлийн сургалтуудыг хийсэн. 

-Шинэ нисэх буудлыг хуучин зураг төслөөс нь өөрчилж томруулж барьж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал онгоц орох хаалгыг 12 байсныг 24 болгосон гэсэн. Энэ дээр тайлбар өгөөч?

            -Өнөөдрийнхөө эрэлт хэрэгцээ, ирээдүйд хөгжих боломжоо тооцож үзээд өргөтгэх боломжтой хийж байгаа. Өнөөдөр 12 гарцтай барьж байгаа бол өргөтгөх боломжоо хараад 24 гарцтай байхаар барьж байна. Эдийн засгийнхаа нөхцөл байдал, зах зээлтэйгээ уялдуулаад үе шаттай хийнэ.

-Гадаадын онгоц Монголын дээгүүр нисэхдээ Монголын агаарын зам ашигласны төлбөр төлдөг шүү дээ. Хичнээн төгрөгийг Монголд оруулдаг вэ?

-Монгол Улсаар дамжин өнгөрч гадны агаарын хөлгүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Түүний төлбөр жилдээ 70 орчим тэрбум төгрөг болдог.

-Манай улсын агаарын зам дээгүүр нисэж байгаа онгоцны хоорондох зай 150 км байсныг улам ойртуулж байгаа гэх юм. Ингэхээр онгоцны зөрөх зайг хянадаг тоног төхөөрөмжийн хувьд сайжирсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа. Бид үйлчилгээгээ улам сайжруулж байна. Тухайлбал манай улсын дээгүүр дамжин өнгөрч байгаа агаарын хөлөг 150 км зайтай нисдэг байсанг 90 болгосон. Одоо 30 км болгох бэлтгэл хангаад явж байна. Ингэснээр дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад орлого улам л өснө. Эдийн засгийн хувьд их үр өгөөжтэй.

-Мөн нисгэгчдийн ур чадварын талаар асуухад онгоцны буух салхины хурд улс улсад өөр байдаг гэх юм. Манай улсынх салхины хурд 15м/сек хурдтай салхинд ч буух чадвартай байдаг учраас бусад орны нисгэгчид магтаншагширдаг гэсэн үнэн болов уу?

-Монголчуудад, солонгосчуудад гээд улс улсад өөрөөр заасан стандарт гэж байхгүй. Нэг л стандарттай байдаг. Ер нь агаарын хөлөг буухдаазаавал зөвшөөрөл авч буудаг. Ямар ч мундаг нисгэгч би сайн гээд дураараа буух боломж байхгүй. Заавал тухайн газрын үйлчилгээ болон нисэх буудлаас зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрөл өгөхдөө маш олон шалгуурыг хангаж байж өгдөг. Салхины хурд, хүч гэх мэт олон зүйлийг тооцож байгаад зөвшөөрөл өгч буулгадаг юм.

-Сингапурын анхны нислэгээр баахан албаны хүмүүс мөн урлагийнхан гээд билетгүй зорчигчид байна гэсэн яриа гарсан. Энэ хүмүүсийн хэд нь билет авч оров?

-Бүгдээрээ билетээ авч орсон. Салбарын сайд ч гэсэн мөнгөө төлөөд нисэж байгаа. Энэ нислэгт яагаад ач холбогдол өгч байгаа вэ гэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр чиглэлийг заасан байдаг. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрөө гаргахдаа

Сингапур, Энэтхэг 2 руу ниснэ гэсэн байдаг. Тиймээс Засгийн газрын гаргасан мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас их ач холбогдол өгч байгаа юм.

-Та Сингапурын тээврийн сайдтай уулзалт хийсэн. Уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэв?

-Сингапурын тээврийн сайд ажлын уулзалт хийе гэж урьсан. Энэ уулзалтаар агаарын тээврийн салбарт төдийгүй далай болон бусад салбарт хамтран ажиллах чиглэлээр ярьж хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр амжилттай яриа хэлэлцээр хийлээ. Мөн үүнийхээ дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авах талаар ярилцлаа. Сингапурын тал манай агаарын хөлөг өөрийнх нь улсад нислэгээ хийж байгаад их ач холбогдол өгч хүлээж авсан. Сингапурын иргэний нисэхийн дарга нь өөрөө зориуд ирж манай зочдыг хүлээн авлаа.

-Манай улсын анхны нислэг ирсний маргааш л гэхэд Сингапурын сонин дээр Монголын тухай сурталчилгаа гарчээ. Үнэхээр их ач холбогдол өгч байгаа бололтой?

-Манай улс далайд гарцгүй орон. Гэхдээ далайд гарцгүй орон гэхийн цаана маш том стратеги явж байгаа. Хоёр том хөршийн дунд байгаа манай улс далайд гарцгүй гээд эдийн засгийн болон улс төрийн харилцааны хувьд түгжигдмэл байдалд байгаа юм. Тиймээс бид энэ түгжигдмэл байдлаа өөрчлөх ёстой. Аль болох олон улстай харьцдаг, нээлттэй зорчиж чаддаг байх хэрэгтэй. Дэлхий өөрөө даяарчлагдаж байгаа энэ үед улсаа дэлхийд нээлттэй байлгаж, мөн иргэддээ дэлхийг нээлттэй байлгах хэрэгтэй. Агаарын тээвэр бол чөлөөтэй орон зай. Агаарын тээврийн салбарыг стратегийн салбар гэж үзэж байгаа. Стратегийн салбараа хөгжүүлээд Монгол Улсын стратегийн зорилтоо хөгжүүлж байх ёстой. Өнөөдөр бид европ руу нисдэг. Энэ чиглэл маань алдагдалтай. Гэхдээ яагаад энэ чиглэлийн нислэгийг зогсоодоггүй вэ гэхээр Монгол Улсын иргэд Европд чөлөөтэй нисдэг байх боломжийг нээж байгаа юм. Мөнгөөр үнэлэхээс илүү өндөр стратегийн ач холбогдол манай улсад байдаг. Тэр стратегийг бид агаарын тээврийн салбараараа дамжуулж хадгалж байх ёстой. Өөрөөр хэлбэл мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зорилт байна.

Онцгойлон: