Товч түүх

Түүхэн замнал

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ. Хожим нь 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй.

Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд 1956 он шинэ эринийг нээв. 1956 оны эхээр ЗХУ-аас таван Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болжээ.

1958 оны байдлаар Монгол Улс 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон ба 11605 зорчигч, 363700 кг ачаа, шуудан тээвэрлээд байлаа. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ үзүүлчихээд байсан юм.

Тэр үед МИАТ компани долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байсан ба 1966-1970 онд боловсон хүчний өндөр мэргэшсэн нөөцтэй, онгоцны парк хоёр дахин нэмэгдсэн, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь нисэх буудлууд газардлагын болон шөнийн нислэгийн гэрэлтүүлэгтэй болоод байв.

1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээлээ.Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол Улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.

Зам, тээвэр, холбооны яамны сайдын 1993 оны 8-р сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар МИАТ нэгтгэлийг Иргэний агаарын тээврийг удирдах газар, МИАТ компани гэсэн аж ахуйн тооцоотой хоёр байгууллага болгон ажиллуулах шийдвэр гарсан байна.Дээрх шийдвэрийг үндэслэн нийт 906 ажиллагчтай иргэний агаарын тээврийн МИАТ компанийн шинэхэн түүх 1993 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн билээ.

МИАТ компани 1993 онд Ан-24 онгоц 12, Ан-24 онгоц 3, Ми-8 нисдэг тэрэг 3, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг- 727 онгоц 1, Ту-154 онгоц, Ан-30 онгоц 1, нийт 71 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байв. 1992 оноос МИАТ хувьцаат компани гурван Бойнг 727-800 онгоц олон улсын нислэгт, таван Ю-12 онгоцыг богино зайнд дотоодын нислэгт тус тус нэмэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн ба Ан-24 онгоцыг мөн ашигласан хэвээр байсан бөгөөд 2002 онд актлагдсан юм.

Анхны нислэг, үйлдвэрлэлдээ ашиглаж эхэлсэн дунд оврын онгоц нь Аэробус 310-300 онгоц байсан бөгөөд ХБНГУ-аас шинэ техник технологийн хамт1998 оны 5-р сараас эхлэн түрээслэн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн юм. Улмаар 2008 онд уг Аэробус 310-300 онгоцыг худалдан авсан нь парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн томоохон ахиц дэвшил байлаа.Харин анхны Бойнг737-800 агаарын хөлгийг Бойнг727 онгоц ашиглалтаас гарсны дараа буюу 2002 оноос ашиглаж эхэлжээ. 2007 онд МИАТ хувьцаат компани хоёр дахь Бойнг737 онгоцыг түрээслэн авч нислэг, үйлдвэрлэлдээ ашиглаж байна. 2011 оны байдлаар нэмэж Бойнг 767-300 онгоцыг түрээслэн авч байгаа нь олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, замдаа буулгүйгээр Европ, Азийн бүх хотуудад , Америкийн ихэнх чухал зах зээлд хүрэх боломжтой болж байгаа юм.

1958 онд ИЛ-14 онгоцны баг Москва-Улаанбаатрын чиглэлд нахны олон улсын нислэгийн үүргийг гүйцэтгэжээ. 1994 онд МИАТ хувьцаат компани нь олон улсын нислэгт ТУ-154, Бойнг-727, АН-24, АН-26 онгоцоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Казазастан улсын Алма-Ата хотруу тогтмол нислэг, Японы хэд хэдэн хот, Солонгос, Вьетнам зэрэг улс орнуудад захиалгат нислэг хийж байжээ. Харин 2010 оны байдлаар Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Хонг-конг, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг хотуудад захиалгат нислэгүүдийг хийгээд байна.

Өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хөлөг 2, Боинг 767-300 агаарын хөлөг 2 нийтдээ 4 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэгүүдийг хийж байна. Мөн Бээжингийн чиглэлд долоо хоногт 7 удаа нислэг үйлдэж байсан бол 2011 оноос эхлэн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэн долоо хоногт 10 удаа, аялал жуулчлалын оргил ачааллын зуны улиралд Сөүл, Токио чиглэлийн нислэгийн тоогоо нэмж түүнчлэн Берлин чиглэлд Москвагаар дамжсан нислэгийг 2 удаа үйлдэхийн сацуу Улаанбаатраас Берлин хотруу долоо хоногт 2 удаа шууд нислэг, зүүн азийг холбосон шинэ чиглэл болох Хонгконг хотруу долоо хоногт 4 удаа тогтмол нислэг үйлдэж байгаа нь зорчигч хэрэглэгчдийн талархалыг ихээхэн хүлээж байна.

МИАТ Хувьцаат Компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Бойнг” компаниас 2013 онд Б767-300 агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2016 онд Б737-800 онгоц хоёрыг тус тус худалдан авах гэрээг байгуулаад байгаа юм. Анхны Боинг767-300 агаарын хөлөгөө МИАТ компани 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эх орондоо авчирч нислэг үйлдэж байна. Боинг767-300 агаарын хөлөг нь 54,9 метр урт, нислэгийн хурд нь 851 км/цаг бөгөөд 220 зорчигч, 12 000 кг ачаатайгаар 11 070 километр буулгүй нисэх боломжтой юм.

Английн Скайтракс (Skytrax) судалгаа үнэлгээний байгууллагаас Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ ХК-ийн үйлчилгээний түвшинг ахиулж, 3 одтой зэрэглэлийн хэмжээнд хүрснийг 2013 оны эхээр албан ёсоор зарлалаа.