English | Монгол


Домогт У-2 /По-2/ нисэх онгоц

Дэлхийн нисэх онгоцны түүхэнд нэрээ үлдээсэн домогт По-2 онгоц нисээгүй газар, хийгээгүй ажил гэж бараг байхгүй юм. Цэргийн зориулалтаар ч, иргэний зориулалтаар ч явахгүй ажил байгаагүй аж. 1926 оноос зохион бүтээгч Н.Н.Поликарповын удирдсан хамт олон эх орны үйлдвэрт хийгдсэн М-11 маркийн хөдөлгүүрт тохируулан 2 хүний суудалтай, давхар далавчтай, сургуулийн авсаархан онгоц зохион бүтээсэн нь По-2 (У-2) онгоц юм. Алдарт нисгэгч М.Громов 1928 оны 1-р сард анх шалган нисч улмаар 1928 онд бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ. Манай улс 1932 онд 4 ширхэг По-2 онгоц ЗХУ-аас авчээ. Энэ онгоц манай улсын нисэх хүчинд 27 жил үйлчилжээ.

1934 оны 3-р сард манай нисэх хүчний сургагч багш Судец, нисэх бригадын дарга Н.Очир нар Монголд анх удаа По-2 онгоцноос шүхэрээр буужээ. 1935 оны 9-р сард эмэгтэй Загдхорлоо По-2 онгоцноос шүхрээр бууж “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.

Монголын анхны нисгэгч эмэгтэй Ичинхорлоо, Цэрэндолгор, Цэвээндулам нар энэ онгоцоор анх нисч сурчээ.

1932 онд Монголд анх удаа нисэхийн сургууль байгуулагдаж, энэ онгоцоор сургалт явуулах болжээ.

По-2 онгоц 4000м хүртэл өндөрөөр 120-156км/цагийн хурдтайгаар 250 км хүртэл алсад нисэх чадвартай, нислэгийн хүнд 1368 кг.

 
Тээврийн ЯК-12 нисэх онгоц

Дөрвөн хүний суудалтай ЯК-12 онгоцыг А.С.Яковлевийн зохион бүтээх товчоо бүтээж 1946 оноос бөнөөр нь үйлдвэрлэх болжээ. Хөдөөгийн хүн амын тээврийн хэрэгцээнд зориулагдан бүтээгдсэн энэ онгоц нислэгийн олон талын үүргийг гүйцэтгэж, хүний үыл амьдарлын хамгийн ойрын туслагч нь болж байв.

Монголд 1952 оноос анхны хийцийн ЯК-12 А-р авч ашиглаж байв. 1957 онд доод нисэхэд Дадлага эскадриль гэсэн сургалтын газар байгуулагдаж, энэ онгоцоор 20 гаруй нисгэгч 10-аад техникчдийг сурган бэлтгэжээ. Эмнэлгийн түргэн тусламж болон бусад тусгай үүргийн нислэгт ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ. ЯК-12А онгоц 4500м өндрөөр 220км/цагийн хурдтайгаар 760 км алсад нисэх чадвартай байжээ. Нэг нисгэгч, 3 зорчигчтойниснэ. Нислэгийн хүнд 1450кг.

 
Зорчигч тээврийн Ан-2 нисэх онгоц

ЗХУ-ын нисэх онгоц зохион бүтээгч О.К.Антоновын удирдсан хамт олон 1948 онд энэ онгоцыг анх үйлдвэрлэн гаргажээ. Тэр цагаас өнөөг хүртэл нисч байгаа энэ агуу онгоцыг хуучин ЗХУ-ын хобооны улсуудын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт, Ази, Африк, Европын (зүүн) орнуудад янз бүрийн нислэгт ажиглаж байв.

Манай улс 1955 онд ОХУ-ын Эрхүү хотын иргэний агаарын флотын сургалтын төвд нисгэгч Г.Раднаа, Д.Жамбалдорж, А.Доржсүрэн техникч С.Нэргүй, Т.Самдан нарыг АН-2 онгоцны 4 сарын курст анх сургажээ. Улмар 1956 онд ЗХУ-аас АН-2 онгоц 3-ыг худалдан авч нисэх хорооны нисгэгч, техникчдийг дээрх анхны багш нар өөрийн оронд сургалт явуулж АН-2 онгоцны нисгэгч техникчдээ нэмэгдүүлжээ. Ингээд 1956-7-07 нд , Ардын Хувьсгалын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Бөхөг цагаан Толгойн аэродромд нисэх холимог5 дугаар хорооны бие бүрэлдэхүүн,Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн цуглаан болж, АН-2 онгоцоор Ховд, Дорнод, Хөвсгөлийн чиглэлд анхны нислэгийг үдэн гаргасан нь манай улсын иргэний агаарын тээврийн тогтмол нислэгийн анхны гараа байсан юм.

Энэхүү АН-2 онгц нь 1000 морины хүчтэй АШ-62 ИР хөдөлгүүртэй, 4800 м хүртэл өндрөөр 180-230 км/цаг хурдтайгаар буулгүй 1000 км алс нисэх чадвартай.

Хоёр нисгэгч 12 зорчигч ниснэ. Нислэгийн хүнд 5250 кг, авах ачаа 1000 кг. Энэ онгоц одоо ч манай иргэний нисэхэд төрөл бүрийн нислэгт үүрэг гүйцэтгэсээр байна.

 
Тээврийн ИЛ-14 нисэх онгоц

ЗХУ-ын нисэх онгоц зохион бүтээгч С.В.Ильюшины удирдсан хамт олон анх 1946 онд ИЛ-12 гэдэг онгоц бүтээжээ. Энэ онгоцоо улам сайжруулж, 1950 онд ИЛ-14 онгоцыг бүтээжээ. Энэ онгоц улсын шалгалтад амжилттай тэнцсэнээр цаашид олноор үйлдвэрлэж, өргөн ашиглах эрх авчээ. Энэ онгоц тухайн үеийн тэргүүний техник технологийг авч хэрэглэсэн, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд өдөр шөнийн цагаар нисэх чадвартай, хамгийн найдвартай онгоц байв.

Манай улсад найрамдалт ЗХУ-с 1957-11-28 нд ИЛ-14 онгоц 5-ыг Буянт-Ухаа дахь нисэх буудлын иж бүрэн барилга байгууламжийн хамт бэлэг болгон хүлээлгэн өгсөн нь өргөн уудам нутаг оронтой, зам харилцаа муу хөгжсөн манай оронд агаарын тээврийн харилцааг цаашид хөгжүүлэхэд үнэлж баршгүй тусламж болсон юм. Манай нисгэгч инженер техникийн ажилтнууд ИЛ-14 онгоцыг богино хугацаанд амжилттай эзэмшиж, олон жил үр бүтээлтэй ашигласан юм.

ИЛ-14 онгоцоор Улаанбаатараас аймгуудын төвийн хооронд нисч эхэлсний дээр 1958 оны сүүлчээс УБ-Эрхүү-УБ-Бэээжин чиглэлд олон улсын нислэг хийж эхэлжээ. ИЛ-14 онгоц 2 ширхэг АШ-82 маягийн поршинт хөдөлгүүртэй, экипаж 5 хүн, 32 зорчигчтойгоор 5000м хүртэл өндөрт 400 км/цагийн хурдтайгаар 1500м холд буулгүй ниснэ. Нислэгийн хүнд17250 кр, авч чадах ачааны хэмжээ 4200 кг.

 
Тээврийн МИ-4 нисдэг тэрэг

1950- иад оныг ЗХУ-ны нисдэг тэрэг зохион бүтээр хөгжлийн түүхэнд томоохон алхам хийсэн үе гэж үздэг. Энэ үед нисдэг тэргийг цэрэг аримд болон улс ардын аж ахуйд өргөнөөр хэрэглэх шаардлага улам өсөн нэмэгдэж байжээ.

М.Л. Милийн удирдсан хамт олон 1952 ондл уг нисдэг тэргийг зохион бүтээсэн бөгөөд ойрын зайд зорчигч ба ачаа тээвэрлэх хочр хувилбараар олноор үйлдвэрлэж эхлэжээ. Цаг агаарын ямар нэг нөхцөлд өдөр, шөнө нисэх чадвартай МИ-4 нисдлэг тэрэг нэгийг худалдан авч, манай нисэх хүчин нисдэг тэрэгний парктай болж эхэлсэн юм. МИ-4 нисдэг тэрэг нь 2000- 5500м хүртэл өндрөөр 185км/цагийн хурдтайгаар 400 км хүртэл алсад нисэх чадвартай. Нислэгийн хүнд 6950 кг, авах ачаа 1200-1600кг.

 
Тээврийн МИ-8 нисдэг тэрэг

Нисдэг тэрэгний хийцийг боловсронгуй болгож, хүч чадал, даацыг нь нэмэгдүүлэх, улмаар агаараас геологийн хайгуул хийх, ойн түймэр олж унтраах, агаараас зураг авах, нефт, хий олдворлох байгууламж болсгох, барилгын зарим онцгой хүнд монтаж хийх зэрэгт нисдэг тэрэгний ззрэг, хэрэгцээ улам шаардагдах болсон 1960-аад оноос зохион бүтээгч М.Л. Милийн удирддаг товчоо шуоргуу ажилласны үр дүнд МИ-8 нисдэг тэрэг бий болж, 1965 оноос бөөнөөр үйлдвэрлэх эрх авчээ. Манай улс 1968 оноос МИ-8 нисдэг тэргийг авч улс ардын аж ахуйн бүх салбарт өргөн хүрээгээр өнөөдрийг хүртэл ашигласаар байна.

МИ-8 нисдэг тэрэг нь 28 хүртэл хүний суудалтай зорчигчийн, 12 ширхэг дамнуурга бүхий эмнэлгийн түргэн тусламжийн, 3000 кг хүртэл жинтэй ачаа ачих ачаа тээврийн гээсэн гурван хувилбартай, сэнст тийрэлт ТВ-2-117 загварын 2 хөдөллгүүртэй, өдөр шөнийн ямар ч нөхцөлд нисэх боломжтой өргөн хэрэглээний унаа юм. Өнөөдөр манай улсад БХЯ, ХХЕГ, “Аэромонголия” компани уг нисдэг тэргээр нислэгийн үүргийг гүйцэтгэж байна.

 
Тээврийн КА–26 нисдэг тэрэг

1950-иад оноос ЗХУ-ын нисдэг тэрэгний хөгжлийн түүхэнд “КА” хэмээх нэрд алдар бүхий нисэдг тэрэгний шинэ загвар бий болсон юм. Зохион бүтээгч нь И.И. Камовын удирдсан зохион бүтээх товчооны хамт олон 1965 онд КА- 26 нисдэг тэрэг нь 6 хүний суудалтай зорчигч тээврийн , тусгай тоног төхөөрөмж бүхий авиахимийн , ачаа тээврийн гэсэн хэд хэдэн зориулалтаар хийгдэж байв.

Манай улс КА-26 нисдэг тэргийг 1971 оноос эхлэн авч ашиглаж байсан юм. Энэ нисэдг тэрэг нь авиахимийн нислэгт ашиглахад ажлын бүтээмж нь АН-2 онгоцныхоос 2-3 дахин илүүл байсан юм.

КА-26 нисдэг тэрэг нь 2100м хүртэл өндрөөр 135-170км/цагийн хурдтайгаар, 400км хүртэл алсад нисэх чадвартай, салхин хөргөлттэй тус бүр 325 морины хүчтэй 2 ширхэг прошинт хөдөлгүүртэй юм.

 
Зорчигч тээврийн АН-24 нисэх онгоц

ЗХУ-ын тээврийн нисэх онгоцны нэрт зохион бүтээгч О.К.Антоновын удирдсан хамт олон хичнээн олон онгоц зохион бүтээж нэвтрүүлсэн нь үнэхээр гайхамшигтай юм.

Энэ хамт олон 1959 онд нэгэн шинэ онгоцыг орон нутгийн ойрын болон дундын зайн нислэгт зориулан зохион бүтээсэн нь АН-24 онгоц юм. Зохион бүтээх товчоо өолон онгоцны заводын эрдэмтэн мэргэжилтнүүд хамтран шинэ техник технолог нэвтрүүлж хиисэн энэ онгоц 50-52 зорчигчийн суудалтай, экипажийн 5 хүн ниснэ.

Манай улс 1964 онд нисэх хүчний 40 жилийн ойг угтаж иргэний агаарын тээвэртээ орчин үеийн хийц бүхий сэнс тийрэлтэт 2 хөдөлгүүртэй АН-24 онгоцыг авч эзэмшсэн нь поршинт хөдөлгүүртэй нисэх онгоцуудаар нисч байсан МИАТ-д шинэ ахиц дэвшил болсон юм. АН-24 онгоц нь тус бүр 2550 морины хүчтэй АИ-24 Р маягийн сэнст тийрэлтэт 2 хөдөлгүүртэй АН-24 онгоц 8400м хүртэл өндрөөр 450-475 км/цагийн хурдтай, 2000 км алсад буулгүй ниснэ. Нислэгийн дээд хүнд нь 22500 кг, авах ачааны хэмжээ 5 тн.

Энэ онгоц манай улсын МИАТ компнид одоо ч нислэгийн үүрэг гүйцэтгэсээр байна.

 
Газрын зургийн АН-30 нисэх онгоц

Агаараас газрын зураг авах асуудал хүн төрөлхтний бас нэг чухал мөрөөдөл, шаардлага болон гарч ирсэн юм. 1886 онд Оросын Петрбург хотноо агаараас газрын зураг авах анхны оролдлого 800 м-ийн өндрөөс агаарын бөмблөгөөс, ердийн фото аппаратаар хийж байжээ.

Дэлхийн 1-р дайны жилүүдэд нисэх онгоцноос зураг авах ажил нилээд хүчтэй өрнөж байжээ. Ийм ажил улам өрнөсөөр байсан 1960-аад онд ЗХУ-д агаараас зураг авах нисэх онгоц зохион бүтээх ажлыг О.К.Антоновын товчооны хамт олон гүйцэтгэхээр зоригложээ. Ингээд АН-24, АН-26 онгоцныхоо хийцийн ерөнхий бүтцийг ашиглан, тусгай техник тоног төхөөрөмж бүхий АН-30 онгоцыг зохион бүтээсэн юм.

Монгол улсын Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны харъяа Геодези зураг зүйн газрын захиалгаар энэхүү АН-30 онгоцыг 1979 онд ЗХУ-аас нэгийг худалдан авсан юм.

Энэ онгоцоор тусгай бэлтгэгдсэн нисгэх баг, мэргэжлийн хүмүүсийн хийж бүтээсэн ажил их байсан юм. Тухайлбал Монгол, Хятадын хилийг хамтран шалгаж баталгаажуулах ажлаар хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хэлцэл ёсоор манай улсын зүүн хил орчмын зургийг амжилттай гаргасан юм. Энэ онгоцыг ашигласнаар манай улс эх орныхоо газрын зургийг олон төрлийн масштабаар авч ихээхэн үр дүнтэй ажил хийэн юм.

 
Зорчигч тээврийн ТУ-154М нисэх онгоц

ЗХУ-ын нисэх онгоц зохион бүтээгч алдарт А.Н.Туполевийн зохион бүтээх товчоонд энэхүү Ту-154 онгоцыг 1966 оноос зохион бүтээх ажил эхэлж улмаар 1968 оны 10-р сард анх нислэгт гарсан юм. Туполевийн зохион бүтээх товчоо бол ЗХУ-ын хамгийн ууган товчоодын нэг. Энэ зохион бүтээх товчооны онгоцууд анх “АНТ” нэрээр гарч байсан бөгөөд дэлхийн авиацийн түүхэнд Туполевийн онгоцууд шинэ эрин нээсэн юм.

Туполевийн зохион бүтээх товчоо анхны хамгийн том АНТ-4 онгоцыг хийсэн, онгоцны бензины битүү бакийг далавчинд нь байрлуулах асуудлыг шийдсэн, дэлхийд анхны 2 хөдөлгүүртэй, металл хийцтэй бөмбөгдөгч онгоц, алдарт Валерий Чкалов жолоодон хойт туйл дээгүүр шууд буулгүйгээр нисч Америк орсон АНТ-25, мөн 4 мотортой хүнд бөмбөгдөгч Ту-4 гэх мэт.

1949 онд эл зохион бүтээх товчоо Орос улсад анхны тийрэлтэт 2 хөдөлгүүртэй ТУ-14, 1952 онд ТУ-16, улмаар 1955 онд зорчигч тээврийн ТУ-104, 1968 онд ТУ-154 онгоуыг зоохион бүтээсэн юм. Манай улс 1987 онд ЗХУ-ын Аэрофлот компаниас нэг ширхэг ТУ-154 онгоц түрээсээр авч олон улсын шугамд нисч эхэлсэн юм.

ТУ-154М онгоц 1-р зэргийн суудал 12, бизнес суудал 21, энгийн 99, бүгд 132 зорчигчтойгоор Улаанбаатар-Москвагийн хооронд буулгүй нисч байв. ТУ-154М нисэх онгоц Д-30 маягийн тийрэлтэт 3 хөдөлгүүртэй, 850-950 км/цагийн хурдтай 6900 км алсад ниснэ.

Энэ онгоцоор манай нисгэгчид Москва, Бээжин, Японы Нийгата, Нагоя, Токио, Лондон, зэрэг хотуудад нислэг хийсэн юм.

 
Зорчигч тээврийн Бойнг-727 нисэх онгоц

АНУ-ын Бойнг компанид 1960 оноос анх үйлдвэрлэж 1963 оны 2-р сард анхныхаа нислэгийг хийсэн онгоц. В-727 онгоц нь В-707 онгоцны бааз дээр суурилагдан сум хэлбэрийн далавчтай, тийрэлтэт гурван хөдөлгүүртэй, дундын зайн нисэх онгоц.

В-727 нисэх онгоц нь 850-950 км/цагийн хурдтайгаар 4800 км алсад буулгүй ниснэ. В-727 онгоц нь Бизнес 12, энгийн 136, бүгд 148 суудалтай.

БНСУ-ыын Ханжин групын ерөнхийлөгч 1992 онд манай улсад нэг ширхэг В-727 онгоцыг бэлэглэж, улмаар хоёрыг манайх худалдаж авснаар манай “МИАТ” компани гурван ширхэг В-727 онгоцоор 2003 он хүртэл нислэг хийв.

Тус Бойнг компани нийт 1800 гаруй В-727 онгоц үйлдвэрлэн гаргажээ.

 
Зорчигч тээврийн Ю-12 нисэх онгоц

БНХАУ-ын Харбин хотод үйлдвэрлэн гаргадаг энэ онгоц 1980 оноос үйлдвэрлэж олон улсын лиценц авч байсан бөгөөд манай МИАТ 1992 онд тавыг худалдан авч орон нутгийн хот хоорондын нислэгт ашиглах болсон юм.

Ю-12 онгоц 17 зорчигчийн суудалтай, 2 нисгэгч ниснэ. Нислэгийнхүнд 5300кг, РТ6А-27 загварын сэнст тийрэлтэт 2 хөдөлгүүртэй, маш бага зайнд хөөрч буух чадвартай, ашиглахад маш хялбар онгоц юм.

Ю-12 онгоц нь 6000м хүртэл өндрөөр 260км/цагийн хурдтайгаар 1500 км алсад буулгүй ниснэ.

 
Зорчигч тээврийн Бойнг-737-800

Зорчигч тээврийн Бойнг-737-800 нисэх онгоц АНУ-ын Бойнг компанид үйлдвэрлэж, 1984 оны 2 сард анх нислэгт гарсан, дундын зайн нисэх онгоц. Турбовентилятор хийцийн CFM56 маягийн хоёр хөдөлгүүртэй.

Энэхүү онгоц нь янз бүрийн загвараар шинэчилсэн олон төрөл В-737-300/400/500/600/700/800/900 –тай бөгөөд 800-850 км/цагийн хурдтайгаар 4600 км алсад буулгүй ниснэ. Сүүлийн загварын В-737-800 нь 1997 онд анх нислэгт гарсан юм.

Бойнг компани энэ загварын онгоцоо байнга шинэчилж, боловсронгуй болгож, нислэгийн даац, алслалтыг нэмэгдүүлж ихээхэн амжилт олсоор байгаа юм. Манай улсын МИАТ компани Бойнг-737-800 загварын онгоц нэгийг 2002 оны 7-р сарын 9-өөс түрээсээр аваад олон улсын нислэгтээ нисч байна. В-737-800 онгоц бизнес 12, энгийн 150 бүгд 162 суудалтай.

 
Зорчигч тээврийн Аэробус Аэробус А-310-300

Европын консорциум гэгдэх Франц, Герман, Испани, Англи дөрвөн улсын хамтарсан бүтээгдэхүүн, Аэробус консорциумын анхны үйлдвэрлэсэн онгоц нь А-300 бөгөөд 1972 оны 10 дугаар сарын 28-нд анх агаарт хөөрөн нисчээ.

Түүнийг улам боловсронгуй болгож шинэчилсэн загвар болох А-310 онгоц 1982 оны 4 дүгээр сарын 3-нд анх агаарт хөөрчээ. А-310-300 нисэх онгоц нь шатахуун авах багтаамжийг нэмэгдүүлснээр нислэгийн алслалт нэмэгдсэн юм.

А-310-300 нисэх онгоц нь Канад улсын Пратт-Уитни PW400 загварын тийрэлтэт хоёр хөдөлгүүртэй, нислэгийн дундаж алслалт нь 8000 км, хурд 850 км/цаг.

Нислэгийн хүнд 153 тн, онгоцны урт нь 46.7м, өндөр нь 15.8м, далавчны дэлгэц нь 43.9м юм. Суудлын тоо: бизнес тасалгаанд 27, энгийнд 187, бүгд 214.

“МИАТ” компани энэ онгоцыг 1998 оноос түрээсээр авч олон улсын нислэгтээ нисч байна.

Total hits: 319695
Now Online: 6
Yesterday: 333